Тод мэдээ
ЦАГ АГААР: Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Маргааш өдөр Увсын өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Баян-Өлгийн хойд хэсгээр, маргааш өдөр Завхан, Архангайн нутаг, Баян-өлгийн хойд, Ховдын өмнөд, Баянхонгорын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэж, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр ихэнх нутгаар, 19-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон болон цасан шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2023 оны дөрөвүгээр сарын 17-ны 20 цагаас
2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны 20 цаг
хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28-34 метр, төв, зүүн ,говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар 4-9 хэм хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул голын хөндий, Дарьгангын тал нутаг 3 хэм хүйтнээс 2 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 2 грдус хүйтнээс 3 хэм, Их нууруудын хотгор, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 5-10 хэм, Идэр, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4-6 хэм, бусад хэсгээр 1-3 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс
2023 оны дөрөвдүгээр сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28-34 метр хүрч ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-1 хэм, өдөртөө +7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС