Дэлхий нийтээр..
УИХ: Төрийн албаны ёс зүйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
Монгол Улсын Их Хурлаас долоо хоногийн Мягмар гарагт “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа хуулийн төсөл болон батлагдсан хуулиудын талаар олон нийтэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б. Баттөмөр, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
Уг хуулийн төслийг Б.Бат-эрдэнэ нарын гишүүд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал үзэл баримтлалынх нь хувьд хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд УИХ-ын даргын 2022 оны 193 дугаар захирамжаар уг хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, гишүүдэд Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Б.Энхбаяр, Н.Энхболд нарын гишүүд сонгогдон ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсэг 4 удаа, дэд ажлын хэсэг 10 удаа хуралдаж, Сэлэнгэ, Хэнтий, Ховд, Төв, Дархан-Уул зэрэг аймгуудын төрийн албан хаагчид, иргэдийн дунд 7 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Хэлэлцүүлэг, уулзалтаас 100 гаруй иргэн, төрийн албан хаагчдаас 261 санал, D.Parliament.mn цахим хаягаар 16 санал нийт 277 орчим санал ирүүлснийг Ажлын хэсэг хүлээн авч, судлан Лхагва гарагт (2023.04.12 ) Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллийнхээ эхэнд, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг анх 2018 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа санаачлан, ажлын хэсгийг тухайн үеийн ХЗДХ-ийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулснаас хойш 5 жил өнгөрч байна. Ажлын хэсэг Япон, Герман, Канад болон Европын орнуудын төрийн албаны ёс зүйн дүрэм, олон улсын нийтлэг стандартуудыг нарийвчлан судалж, энэ хуулийн төслийг боловсруулсан. Улсын Их Хуралд өргөн баригдсанаас хойш жил гаруйн хугацаанд хэлэлцүүлэг хийгдэж, анхны хэлэлцүүлэгт бэлэн болоод байгааг тэмдэглэв. Мөн тэрбээр, Монгол Улсын 4232 төрийн байгууллагын дэргэд Ёс зүйн зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн дэргэд Ёс зүйн хороо байгуулагдаж, төрийн албан хаагчдад хэм хэмжээ тогтоож ажиллахад уг хуулийн зорилго оршиж байгаа гэв. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баттөмөр хуулийн төслийн талаар үргэлжлүүлэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Тэрбээр, төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн 2022 оны тайлангаар Монгол Улсад төрийн 4232 байгууллага ажиллаж байгаа бөгөөд үүнээс 25 ба түүнээс дээш албан хаагчтай 2397 төрийн байгууллага байна. Одоо мөрдөгдөж байгаа журмын зохицуулалтын дагуу 25 ба түүнээс дээш албан хаагчтай 2394 төрийн байгууллагын дэргэд Ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Харин 25-аас доош албан хаагчтай, заавал ёс зүйн зөвлөл байгуулах шаардлагагүй хэдий ч өөрийн санаачилгаар Ёс зүйн зөвлөл байгуулан ажиллаж байгаа 567 төрийн байгууллага байна. Улсын хэмжээнд нийт төрийн 2961 байгууллагын дэргэд ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаар төрийн байгууллагын Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангах тогтолцоо бүрдэх, Ёс зүйн зөвлөлийн ажиллах болон гомдол, мэдээлэл хянан шийдвэрлэх журам, гишүүдийн баталгаа, урамшуулал, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг нийтэд мэдээлэх, зөрчлийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх зэрэг асуудал тодорхой болж, Ёс зүйн зөвлөлүүд үр дүнтэй ажиллах боломж бүрдэнэ гэв.
Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-очир уг хуулийн төсөлд тусгагдсан төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой ёс зүйн хэм хэмжээ, хүлээлгэх хариуцлагын талаар онцлон ярилаа. Хуулийн үйлчлэх хүрээнд төрийн улстөрийн албан хаагч, төрийн тусгай албан хаагч, төрийн захиргааны албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагч болон Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд хамаарна гэдгийг тодотголоо. Хуулийн төсөлд ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид хүлээлгэх хариуцлагыг дараах байдлаар томьёолжээ. Үүнд:
- Гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох
- Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах
- Байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах
- Төрийн албанаас халах
- Төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлагыг сайн дураар хүлээх
- Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх гэж тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
-
Дэлхий нийтээр..2024/07/08
Найман жил тасраагүй зуурмаг “ХӨӨРХӨН” брэнд
-
Дэлхий нийтээр..2025/10/14
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт ор...
-
Тод зураг2020/01/09
Мал хулгайлдаг зохион байгуулалттай бүлэглэлийг үйлдэл дээр нь илрүүлж, баривчил...
-
Дэлхий нийтээр..2024/04/29
Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялгах вэ
